Заяа заяагаа даган учирсан үлэмж биет хосуудын бурхан ч зурж зүрхлээгүй хувь тавилан


 

Anna Haining Bates 1846 оны 8-р сарын 6-ны өдөр Канад улсад төржээ. Тэрээр жирийн нэгэн Шотландын цагаач гэр бүлийн 3 дахь хүүхэд болон хорвоод мэндэлсэн боловч 7.2 кг буюу аварга биетэй төрсөн байдаг. Цаг хугацаа улиран өнгөрсөөр 1861 оны төрсөн өдрөөрөө буюу 15 насандаа 210 см өндөртэй болсон байв. Харин насанд хүрэх үедээ өндрөө хэмжиж үзэхэд 246 см гэж гарсан байдаг. Тэрээр үнэхээр ховор тохиолдох өндөр нэгэн байсан тул өөрийгөө үхэн үхтлээ ганц бие амьдарсаар төгсөх тавилантай хэмээн таамагладаг байжээ.

1871 онд тэрээр Канадын Halifax гэх хотод Америкаас ирсэн циркийн үзүүлбэр үзэж байхдаа өөртэйгөө тун төстэй аварга биет эртэй таарсан байдаг. Тэр эр бол Martin Van Buren Bates гэх аварга биет иргэний дайны баатар эр байлаа. Тэр хоёр бие биедээ татагдан дотноссоор тухайн ондоо Английн Лондон хотод хуримаа хийсэн түүхтэй. Тэднийг Лондонгийн гудамжинд хамт алхаж байхад зөрсөн хүмүүс хосуудыг харахгүй өнгөрүүлж чадахгүй байв. Тэд үнэхээр л од болон гялалзаж байлаа. Бүр тухайн үед тэдний хуримд Английн хатан хаан Victoria өөрийн биеэр хүрэлцэн ирж аварга том алмазан шигтгээтэй алтан цагийг хуримын бэлэг болгон өгч байсан гэдэг.

1872 оны 5-р сарын 19-ны өдөр тэд охинтой болсон боловч төрөхийн хүндрэлээр хүүхэд амьсгал хураажээ. Харин амьсгал хураасан охин 8 кг буюу мөн л аварга биетэй байв. Гэвч үүгээр зогсолгүй 1879 оны 1-р сарын 18-ны дахин хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний дундаас төрсөн хүү 10.7 кг жинтэй байлаа. Энэ нь урьд хожид бүртгэгдэж байгаагүй тохиолдол тул уг төрөлтийг Геннисийн номонд бүртгэсэн байдаг байна. Харамсалтай нь хүүхэд ердөө 11 цаг л амьдарсан юм.

Энэ бүх эмгэнэлт явдлуудын дараа нөхөр нь хувийн эдлэн газар авч тэр газар дээрээ аварга том байшин барьжээ. Тэр байшин нь яг л аварга биетнүүдийг үлгэр дээр гардаг хүмүүст зориулсан мэт байшингийн эд хогшил бүр дэндүү том байсан гэдэг. Харин бүсгүй 1879-1880 он хүртэл циркт хэсэг хугацаанд жүжигчнээр ажиллаж байгаад ажлаасаа гаран нөхөртэйгөө хамт ферм ажиллуулан аварга том газартаа барьсан аварга байшиндаа аз жаргалтайгаар амьдарсан түүхтэй. Тэрээр  1888 оны 5-р сарын 5-ны өдөр буюу 42 насны төрсөн өдрийнхөө өмнөх шөнө нойрон дундаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Харин түүний нөхөр 1897 онд энгийн хэмжээтэй өөр бүсгүйтэй гэр бүл зохион эрүүл тунх амьдарсаар 81 насандаа буюу 1919 онд таалал төгсжээ.