Сугалаанд 20 сая доллар хожиход 99 хувь ухаан, 1 хувь туршлага 0 хувь аз шаардлагатай.


 

1993 онд АНУ-ын Texas мужид орших нэгэн казинод бусдын л адил чөлөөт цагаа өнгөрүүлж, азаа үзэхээр орсон нэгэн эмэгтэй санамсаргүй байдлаар 5.4 сая доллар хожсон байдаг. Тэр эмэгтэй бол Joan Ginther байсан бөгөөд энэ нь түүний амьдралд тохиосон ганц аз байлаа. Учир нь тэрээр энэ явдлаас хойш сугалаанд нийтдээ 20 сая долларыг хожсон нь хун бүхний анхаарлыг татах аж.

5.4 сая доллар хожсон азтай бүсгүй хэсэг хугацаанд хэний ч хараанд өртөлгүй бүхий л таньдаг хүмүүсээсээ холбоогоо таслан 7 жилийн турш ор сураггүй алга болсон байдаг. Гэтэл 2000 онд өөрийн төрөлх нутаг Texas муждаа иргэн ирэв. Энэ удаа тэрээр Stanford-ын их сургуулийн статистикийн ухааны доктор гэх хүндэт хэргэм зэрэгтэй ирлээ. Яг л Варрен Бафет-ын хэлснээр “ихийг сурах тусам илүүг олно” гэх дүрмийн дагуу олсон мөнгөнөөсөө нэлээдгүй хэсгийг өөрийн боловсролд зарцуулсан хэрэг. Тэр цагаас хойш түүний түүх жинхэнэ утгаараа эхэлсэн байна.

Тэрээр гэртээ эргэж ирээд статистикийн ухааны чиглэлээр сурч авсан бүхий л мэдлэгээ ашиглан сугалааны салбарт хүч үзэхээр шийдсэн бөгөөд 2000-2013 он хүртэл сугалаа худалдан авч нийтдээ 20 сая доллар хожсон байдаг. Гэхдээ тэрээр 20 сая доллар хожихийн тулд 3.3 сая доллараар сугалаа худалдан авсан юм. Joan Ginther хэзээ ч нэг удаагийн сугалаанаас энэ бүх мөнгийг хожоогүй бөгөөд 3.3 сая доллараар худалдан авсан асар олон сугалаануудын дийлэнх хувь нь доод тал нь 1000 ам долларын хонжворыг түүнд авчирсан гэдэг. 13 жилийн турш тэрээр тасралтгүй сугалаа худалдан авч 3.3 сая долларын зардал гаргаж 16.7 сая долларын цэвэр ашиг олсон болж таарах нь тэр. 2013 оноос тэрээр сайн дураараа дахиж сугалаа худалдан авахаа зогсоосон байна. АНУ-ын сугалааны корпорацууд магадгүй түүнээс болж дампуурлын ирмэгт тулсан байж ч болох.