Хүндэт найз минь” буюу Махатма Гандигаас Адольф Гитлерт хандаж бичсэн захидал. Түүний захидал Гитлерийн гарт хүрсэн бол юу болох байв?


 

1939 оны зургадугаар сарын 23-нд Энэтхэгийг энхийн аргаар тусгаар тогтносон улс болгосон удирдагч Махатма Ганди нь Нацист Германы удирдагч Адольф Гитлерт хандаж нэгэн захиа бичсэн байдаг. Германчууд Чехословакийг эзэлснээс болж нийт Европт улс төрийн хурцадмал байдал үүсч, дахин дайн дэгдэж магадгүй нөхцөл байдал үүссэнийг ухаарсан Ганди Германы фашист удирдагчид хандан захидал бичихээр шийджээ. Тэрээр захиандаа Гитлерээс аль болох дайныг тойрч гарах арга зам сонгохыг хүссэн байсан боловч энэ захидлын асуудалд Их Британийн Засгийн газар хөндлөнгөөс оролцож саатуулсны улмаас эзэндээ чадаагүй аж. Энэ явдлаас хойш яг нэг сарын дараа Герман Польш уруу довтолж, улмаар хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хүний амийг авч одсон Дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсэн байдаг. Харин түүний бичсэн захидал юуг өгүүлсэн байв?

Хүндэт найз минь,

Найз нөхөд маань намайг хүн төрөлхтний ирээдүйг бодож, тэдний өмнөөс танд хандан захиа бичнэ үү хэмээн хүссэн билээ. Гэвч би тэдний хүсэлтийг ойшоохгүй өдийг хүрсэн юм. Учир нь надаас илгээсэн захидал таны асуудалд хөндлөнгөөс эрээ цээргүй хутгалдсан явдал болох болов уу гэж би дотроо эмээсэн билээ. Гэсэн хэдий ч одоо ганц миний байдлаас үл хамааран ангид дэлхийг нийтийг хамарсан ноцтой асуудал тулгарч байгааг би нэгэнт ухаарлаа.

Та өнөөдөр дэлхийн олон сая хүн амыг аймшигтайгаар хөнөөж магадгүй дайн дэгдэхээс зайлуулж чадах цорын ганц хүн болох нь үнэн юм. Гэтэл өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүн бус үйлдэл хийж олон хүний аминд хүрэхэд бэлэн байх нь зохимжгүй зүйл биш гэж үү? Та дайныг хаширладаг миний үгийг бодож тунгаах болов уу хэмээн би танаас хичээнгүйлэн хүсч байна. Миний захидлыг уншсан танд талархаж, хэрвээ энэ үйлдлээрээ гэм хийсэн бол намайг уучлахыг хүсье!

Таныг хүндэтгэсэн

М.К. Ганди”

Гандигийн Гитлерт бичсэн захидлын эх хувь

Эхний захидал бичигдэх үед дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор арай ч эхэлчхээгүй байсан юм. Харин 1940 онд буюу дэлхийн хоёрдугаар дайн нэгэнт эхэлсэн байхад Ганди дахин захидал бичсэн байдаг. Уг захидлын агуулга нь Гитлерийн фашизмыг энэтхэгчүүд өөрсдийн эсэргүүцдэг Британы империализмтай адилтган шүүмжилсэн аж. Дайныг үтэр түргэн зогсоохгүй болбоос Гитлерийг даян дэлхийн бусад хүчин нэгдэж түүнийг өөрийнх нь зэвсгээр устгах болно гэдгийг анхааруулсан байна. Энэ бүхэн Муссолинид ч мөн адил хамаарна гэж тэр бичжээ.