1518 онд Францад дэгдсэн аймшигт тахал. 


16-р зуунд буюу 1518 онд өнөөдрийн хүмүүс бидний уран сэтгэмжидйн багтахааргүй нэгэн хачирхалтай үйл явдал болсон нь Францын Страсбург хотод дэгдсэн аймшигт тахал байлаа. Харин уг тахлыг хүмүүс “бүжиглэдэг тахал” хэмээн нэрлэж байв.

Учир нь тухайн жилийн долдугаар сарын намуухан нэгэн өдөр нэр нь үл мэдэгдэх нэг эмэгтэй хотын гудамжинд гарч ирэн гэнэт бүжиглэж эхэлсэн байна. Эргэн тойронд ямар ч хөгжим тоглоогүй байсан ч тэрээр бүжиглэсээр байлаа. Харин хамгийн хачирхалтай нь түүний царайнаас энэ бүхнийг сэтгэл зүрхнээсээ таашааж байгаа шинж ажиглагдаагүй бөгөөд тэрээр үнэхээр цөхөрсөн царайтай байв. Түүний бүжиг энэ эрчээрээ үргэлжилсээр 2 хоног өнгөрөхөд тэрээр огт зогсоогүй байна. Гэтэл үйл явдал ингээд дуусалгүй тухайн долоо хоногт 30 гаруй хүн яг түүн шиг гэнэт л бүжиглэж эхэлсэн аж. Тэдгээр хүмүүс өдөр шөнийн аль ч цагт Страсбург хотын гудамжнаа бүжиглэсээр байв. Харамсалтай нь энэ бүхэн тэнд хүрээд зогссонгүй, сарын дотор гэхэд тус хотын 400 гаруй оршин суугч галзуурсан мэт ямар ч амралтгүй яг л бүжиглэх болов.

Нөхцөл байдал ингэтлээ муудсан тул хотын удирдлагууд уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлжээ. Бүжиглэж буй хүмүүсийн зарим нь энэ хугацаанд зүрхний шигдээсээр амиа алдсан байна. Эмч нар энэ бүхэн юунаас болж байгааг судлахаар нэлээд хичээн ажилласны үр дүнд ямар ч ахиц олоогүй тул уг ердийн бус үзэгдлийг ямар ч эргэлзээгүйгээр “бурхны цээрлүүлэлт” эсвэл хар дом, шуламтай холбоотой хэмээн тайлбарлаж эхэлсэн аж.

Тиймээс уг үйл явдлыг зогсоохын тулд хотын удирдлагууд санваартнуудыг залж авчирсан бөгөөд санваартнууд уг хараалыг аргадаж хариулах хэрэгтэй гэж үзсэн тул хотын бүхий л дуучин, хөгжимчдийг цуглуулж асар том тайз засан “бүжиглэх тахалд” нэрвэгдсэн бүх хүмүүсийг тайзан дээр гарган жинхэнэ хөгжмийн аян дээр бүжиглүүлж эхэлсэн байдаг. Харин хотын бусад иргэд найр наадам хийн идээ будаа идэж архи уусан байдаг.

Гэвч энэ бүхэн тусыг эс олов. Хүмүүс бүжиглэсэн хэвээр байсан бөгөөд тухайн оны 8-р сар гэхэд бүжиглэх өвчинд нэрвэгдсэн 400 гаруй хүн бүгд амиа алдсанаар уг тахал гэнэт гарч ирсэн шигээ гэнэт арилах нь тэр.

Орчин үеийн судлаачид уг өвчин ямар учраас дэгдсэн тухай судалж үзсэн бөгөөд эрдэмтдийн олонх нь дуу нэгтэйгээр мансууруулах үйлчилгээ бүхий хортой мөөгийг удаан хугацааны турш хүнсэндээ өөрсдийн мэдэлгүй хэрэглэснээс болж хүний мэдрэлийн систем хяналтаа алдсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.