Хуульс бус цагаачдыг эзгүй арал уруу цөлнө


 

Дани улсын засгийн газар тус улсад ирээд “гацсан” 125 цагаачийг Линдхольм нэртэй эзгүй аралд цөлөх шийдвэр гаргалаа. Тус арал дээр нэг үе халдварт өвчний судалгаа туршилтыг амьтан дээр хийдэг байсан бөгөөд энэ зорилгоор ашиглаж байсан барилга байгууламжууд байдаг.

Данийн иргэд хүний эрхийн төлөө гудамжинд жагсаж, олон улсын байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлж байсан ч засгийн газар шийдвэрээсээ ухарсангүй. Нэг үгээр хэлбэл Данийн эрх баригчид гаднаас ирж буй дүрвэгчдэд “Манай улс дүүрсэн! Дахин хүн шингээх боломжгүй!” гэж анхааруулсан хэрэг байв.

Үүнтэй зэрэгцэн засгийн газар гаднаас цагаачлан ирэгсдэд тавих шаардлагыг өндөрсгөх шийдвэрээ гаргаад байна. Энэ зорилгоор цагаачлалын хуулиндаа 100 орчим нэмэлт өөрчлөлт оруулжээ. Аралд цөлөх санааг анх популист, цагаачлалын эсрэг үзэлтэй Данийн Ардын Нам гаргаж байв. Уг нь энэ нам эвслийн засгийн газарт багтдаггүй боловч эрх баригчид санааг нь шүүрэн авч хэрэгжүүлжээ.

Арал дээр цөлөгдөх цагаачид нь гэмт хэрэг үйлдэж байсан намтартай, Данид хүлээж авахаас татгалзсан ч эх орон руу нь буцаавал амиа алдах эрсдэлтэй хүмүүс байгаа юм. Өөрөөр хэлбэл хаана ч багтах шингэх боломжгүй болсон хөөрхийлөлтэй цагаачид байх ажээ. Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Ингер Стойбэрг фэйсбүүк хуудсандаа “Хэрвээ та Данийн нийгэмд гологдвол хүн ардынх нь ахуй амьдралд гай болох ёсгүй. Дани улсад илүүдэж байгаагаа ингэж мэдрэх ёстой!” хэмээн бичсэн байна.

2015 онд Ойрх Дорнод, Африкаас цагаачид Европ тивийг олноор зорих болсон үеэс эхлэн Дани улс цагаачлалын бодлогоо чангалсан юм. Тэд бүр 2015 онд Ливаны хэвлэлд Копенгагены эрх баригчид бодлогоо чангатгаж байгаа тухай сурталчилгааг захиалан гаргаж байжээ. Дараа нь НҮБ-ын цагаачлалын байгууллагын хөтөлбөрөөс гарсан. Энэ хөтөлбөрт хамрагддаг улсууд жил бүр тодорхой тооны цагаач хүлээж авах үүрэг хүлээдэг юм.

Хамгийн сүүлийн арга хэмжээ нь Данийн засгийн газар цагаачдад үзүүлдэг нийгмийн халамжийг багасгах төсөл парламентдаа танилцуулаад байна. Үр дүнд нь 2015-2017 оны хооронд Данид оршин суух хүсэлт гаргагсдын тоо 75 хувиар буурсан байна. Судлаачдын баталж байгаагаар Данийн цагаачлалын бодлого хатуу чангаараа Европт тэргүүлж байгаа гэнэ. Аралд цөлөх санааг анх гаргасан Данийн Ардын Нам сүүлийн санал асуулгаар иргэдийн дунд 18 хувийн дэмжлэгтэй, улс төрийн хүчнүүдээс хоёрдугаарт жагсаж байна. Хэдхэн сарын дараа тус улсад парламентын сонгууль явагдах ба энэ үеэр цагаачлалыг эсэргүүцэгчид улам хүчээ авах нь тодорхой болжээ.