Дэлхийн шинэ од болох Никерс


 

Австралийн баруун бүс нутагт идшилж байгаа Никерс нэртэй аварга том үхэрний тухай мэдээ энэ өдрүүдэд дэлхийн хэвлэлүүдийн хуудаснаа олноор нийтлэгдээд байна. Сэрвээ хүртлээ 1.94 метр өндөр, 1.4 тонн жинтэй энэ амьтан дэлхийн хамгийн том үхэрт тооцогдохгүй. Италийн Беллино нэртэй шар 2.02 метр өндрөөрөө дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг ажээ.

Харин Холстейн Фризиан үүлдрийн энэ шар яах аргагүй Австралийн хамгийн том үхэрт тооцогдож байна. Орон нутгийн хэвлэлд анх Никерсийн тухай мэдээлсэн бол дараа нь АНУ, Британи, Канад, Шинэ Зеландын хэвлэлүүдээр тарж, үхэрний эзэн Жеоф Пирсоны утсыг халтал нь залгаж байгаа гэнэ. Перт хотоос өмнө зүгт оршдог фермийн эзэн Пирсон “Би ийм хүчтэй анхаарал татна гэж төсөөлөөгүй. Өглөөнөөс хойш 10 минут тутамд над руу залгаж байна” гэж ярьжээ.

Асуудлын гол нь шар үхрийг өсөж болох хэмжээнд нь тултал өсгөдөггүй, ихэнхдээ 2-3 насанд нь махны үйлдвэрт нийлүүлдэг аж. Харин Никерс азаар мах бэлтгэлээс зугтсаар ийм хэмжээнд хүртэл өссөн байна. Одоо Никерс долоон настай юм. Өнгөрсөн сард Пирсон аварга том биетэй шар үхрээ махны үйлдвэрт зарах гэсэн боловч нядалгааны машинд хэт томдоно гэж үзээд авахаас татгалзжээ. Тиймээс Никерс шарыг цаашид яахаа мэдэхгүй байгаагаа Пирсон ярьсан байна.