Эцэг Буш хорвоогоос одсоны дараа түүний сайхан сэтгэлийн түүх ил тод болж эхэлжээ.


 

АНУ-ын 41 дахь ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш 2018 оны 11-р сарын 30-ны өдөр хорвоогийн мөх бусыг үзүүлсэн билээ. Тэгвэл түүнтэй холбоотой хүнлэг сэтгэлийн нэгэн түүх сүүлийн хэд хоногуудад дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаад байна. Тэрээр 2001 он оноос эхлэн гэр бүлийнхэн, найз нөхөд гээд бүх хүнээс нууцаар хэнд ч Compassion Internation гэх хүмүүнлэгийн байгууллагын зуучлалаар Филиппиний нэгэн нэн ядуу хүүд тусалж эхэлсэн аж. Түүний боловсролын зардал, хоол хүнс, хувцас хэрэглээ гэх мэт бүх зүйлийг Жорж Буш хувийнхаа зүгээс төлдөг байжээ.

Тэр хоёрын эцэг хүү мэт дотно харилцаа бараг 10 гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ бүх хугацаанд тэд захидлаар харилцдаг байсан юм. Жорж буш өөрийн нэрийг Жорж Уолкер хэмээн нууцалсан нь уг хүүхдийн аюулгүй байдлын төлөө байсан гэдгийг тус хүмүүнлэгийн байгууллага онцлон тэмдэглэсэн байна. Харин түүний тусламжийг авдаг байсан хүүг Тимоти гэх бөгөөд 17 нас хүрч тусламжийн хөтөлбөрөөс гарах үедээ л чухам өөрт нь хэн тусалдаг байсныг олж мэдсэн аж. Буш 2002 онд бичсэн анхны захидалдаа “Эрхэм Тимоти, би чамтай захидлаар харилцдаг шинэ найз чинь болох гэсэн юм. Би 77 настай хөгшин хүн. Гэхдээ би хүүхдэд хайртай. Уулзаагүй ч гэсэн чамайг хэдийнээ чамайг хайрлаад эхэлсэн байна. Би Техаст амьдардаг, үе үе чамд захидал бичиж байх болно” гэж бичсэн байна.

Уг хүмүүнлэгийн байгууллагын үүсгэн байгуулагч эр болох Стэффорд хэлэхдээ “Манай дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг ямар нэг алдар нэр горьдолгүйгээр дэлхийн хамгийн ядуу амьдралтай хүүхдүүдийн нэгэнд өөрийгөө хэнд ч зарлалгүйгээр чимээгүйхэн тусалсаар ирсэнд би баярладаг. Тэр бидний огт мэдэхгүй, хэзээ ч мэдэж чадахгүй олон сайн үйлийг хийсэн гэж би төсөөлж байна. Мөн түүнтэй адил олон мянган хүмүүс огт нэр алдар хөөлгүйгээр сайн үйлсийг дэлхий даяар хийсээр байгаа гэдэгт  итгэдэг” гэж ярьжээ. АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш өнгөрсөн сард 94 насандаа таалал төгссөн юм.